Дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн Гемофилийн Холбооны Ерөнхийлөгч Алайн Вейл-тэй уулзав

Дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн Гемофилийн Холбооны Ерөнхийлөгч Алайн Вейл-тэй уулзав


Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн Гемофилийн Холбооны Ерөнхийлөгч Алайн Вейл болон түүнийг дагалдан яваа тус холбооны Бүс хариуцсан менежер Саачи Сатафи нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон Үндэсний гемофилийн холбооны төлөөлөл байлцлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Алайн Вейл өөрийн холбооны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хүмүүнлэгийн туслалцаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санал санаачилгыг товч танилцуулаад Монгол Улсын хэмжээнд нийт 126 хүн цус бүлэгнэлтийн эмгэг болох гемофили өвчтэй гэж оношлогдон эмчлүүлж байгаа бөгөөд үүний зэрэгцээ 200 гаруй хүн оношлогдоогүй байгаа гэсэн тооцоо байгааг дурьдаж эдгээр хүмүүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд шаардлагатай 8-р болон 9-р факторын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон хэллээ.
Тус холбооноос мөн эдгээр факторуудыг хандивлах, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад хамтран ажиллаж байгаа ба цус бүлэгнэлтийн эмгэгийг эрт илрүүлж, оношлох нь хувь хүмүүст гарах хүндрэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх өндөр ач холбогдолтой тул эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал бүрт ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн цусны эмгэгийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэлэв.
Цусны эмгэгийн бүртгэлийн тогтолцоог байгуулах шаардлагатай бөгөөд үүнийг бий болгоход цаг хугацаа, хөрөнгө санхүү шаарддаг тул Дэлхийн цусны эмгэгийн бүртгэлийн тогтолцоонд нэгдэж, хамтран ажиллах боломжтой болохыг дуулгав.
Үүний дараагаар Дэд сайд Л.Бямбасүрэн гемофили өвчнийг анх Монгол Улсад 1960-аад онд эмнэлзүйн шинж тэмдгээр оношилж, бүртгэн эмчилгээг эхэлж байсан ба 1996 оноос цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээний хүрээнд лабораторийн шинжилгээг анх удаа нэвтрүүлж, гемофили өвчний А, Б хэлбэр, хүнд хөнгөний зэргийг ялган оношилдог болсныг дурьдлаа.
Мөн ЦССҮТ нь 1980 оноос гемофилийн эсрэг сийвэнг, 1984 оноос криопреципитат, 1990 оноос хөлдөөсөн шинэ сийвэнг тус тус үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэж байгаа ба 2000 оны эхээр Дэлхийн Гемофилийн Холбооны тусламжаар цэвэршүүлсэн факторыг эмчилгээнд нэвтрүүлж байгаа нь гемофили эмгэгтэй хүмүүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулж байгааг дахин онцлон тэмдэглэхийн зэрэгцээ цаашид ЭМЯ-ны зүгээс бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа нотолсноор уулзалт өндөрлөв.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл