Геронтологийн үндэсний төв бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Геронтологийн үндэсний төв бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна


Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 12 өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудын бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжин тусламж үйлчилгээг үзүүлж байна. Төвийн гамшгаас хамгаалах штаб “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож ГҮТ-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/80 тоот тушаалаар батлан тохиолдлын удирдлагын тогтолцооны багт хуваагдан ажиллаж байна. Геронтологийн үндэсний төв бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.
  1. Төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагааг түр зогсоох албан шаардлага хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоож төвийн эмч мэргэжилтнүүдийг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулж төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс тандалт судалгааны асуумж авч коронавирусын сэжигтэй тохиолдлын тандалт хийн ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд үйлчлүүлэгчийн халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянан, гарыг халдваргүйжүүлж, хүн хоорондын зайг бариулан үйлчилж байна.
  2. Коронавируст халдвараас сэргийлэх талаар нийт хүн амд чиглэгдсэн сурталчилгааг төвийн вэб хуудсаар сурталчилж төвийн эмч, мэргэжилтнүүдэд коронавируст халдвартай холбоотойгоор гарсан сайдын тушаал, түр заавруудын дагуу эмнэлзүйн болон халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааг хийж байна.
  3. Бүх нийтийн хөл хориотой холбоотойгоор үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж үзүүлэхээс гадна утсаар болон цахимаар эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна.
  4. Геронтологийн үндэсний төв нь Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран Нийслэлийн эрүүл мэндийн газрын захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэргэжил арга зүйн зөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургууль дээр зорилтот хүн амаас коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах түр лабораторийг байгуулж, 8 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хариу арга хэмжээний 1–р багийг томилон ажиллуулж байна. Түр лабораторид шинжилгээний сорьц авах үйл ажиллагааг халдвар хамгааллын чанд дэглэмийн дор зохион байгуулж, үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 25-наас эхлүүлэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илрүүлэн оношлох болон PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг гүйцэтгэн  ажиллаж байна.
  5. Бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийслэл хотод амьдарч байгаа тусламж үйлчилгээ нэн хэрэгцээтэй эмзэг бүлгийн настнуудын судалгааг шинэчлэн гаргаж ДЭМБ-ын дэмжлэгээр ахмад настнуудад эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийслэл хотод амьдарч буй 2500 ахмад настан болон Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт амьдарч буй 450 гаруй харж асрах хүнгүй, хавсарсан архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн ахмад настанд гериатрийн төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр хүргэж хүмүүнлэгийн тусламж үзүүлэн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл