Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өвчний хяналтын төв (СДС) байгууллахаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өвчний хяналтын төв (СДС) байгууллахаар ажиллаж байна


Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногоос Эрүүл мэндийн яамны газар, хэлтэс танилцуулга хийж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн газар “Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого төлөвлөлт”-ийн талаар танилцуулга хийв.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хууль эрхзүйн орчин, салбарын ололт амжилт, тулгамдаж буй асуудал, төлөв байдал, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт, хөгжлийн бодлого гэсэн зургаан сэдвийн хүрээнд танилцуулга хийгдлээ.
2009 онд Монгол хүний дундаж наслалт 71.8 байсан бол өнгөрсөн жил дундаж наслалт 76 болсон. Ард иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, зөв дадлыг хэвшүүлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, олон нийтийг соён гэгээрүүлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Эрүүл мэндийн сайд,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн хичээл “бие даасан” цагтай болсон. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 21 аймагт 63 багш, нийслэлийн  9 дүүргийн хэмжээнд 27, нийт 90 үндэсний сургагч  багш ард иргэдэд мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна.  

2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар улс орон даяар хэрэгжиж эхэлсэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт” одоогийн байдлаар 248 мянга гаруй иргэн хамрагдаад байгаа бол энэ жил “Боловсролын сургалтын байгууллагын багш ажилтныг хамруулах эрүүл мэндийн үзлэгт” 33 мянган хүн хамрагдаад байна.

“Хүн амын хоол тэжээл”, “Халдварт бус өвчинтэй тэмцэх”, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Орчны эрүүл мэнд”, “Осол, гэмтлээс  сэргийлэх”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах”, “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд”, “Сэтгэцийн эрүүл мэнд” зэрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явцын үр дүн болон бусад төсөл хөтөлбөрүүдийн талаар мөн танилцуулгад дурдлаа.
Цаашид Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 7 зорилтот арга хэмжээ хэрэгжүүлэх бөгөөд  Өвчний хяналтын төв (СДС) байгууллахаар ажиллаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл