Т.Мөнхсайхан : Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

Т.Мөнхсайхан : Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна


Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд  “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Ард, иргэд лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхийн тулд эмчид үзүүлэх цаг, дугаар авахад төвөг, чирэгдэл ихтэй талаар санал, гомдлоо илэрхийлдэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдолд цаг авах асуудал томоохон байр суурийг эзэлдэг байсан. Тиймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чирэгдлийг бууруулах ажлыг Эрүүл Мэндийн яам бодлогын түвшинд анхаарч ажиллахаар болсон.  Энэ ажлын хүрээнд бид эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв болох “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг удахгүй ашиглалтад оруулах гэж байна.

Энэхүү төв ашиглалтад орсноор иргэд эмнэлэг болгон руу утасдаж, очер дараалал үүсгэж цаг авах шаардлагагүй. Уг төв рүү холбогдож хоёр, гуравдугаар лавлагаа шатлалын эмнэлгүүдэд үзүүлэх цагаа хугацаа алдалгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн энэхүү төвөөр дамжуулан ямар төлийн тусламж үйлчилгээ илүү эрэлттэй байгаа болон хаана их ачаалал үүсэж байгааг нарийвчлан тодорхойлж, анализ хийн тэрхүү ачааллыг бууруулахад чиглэсэн ажлууд хийгдэнэ. Эхний ээлжинд улсын төрөлжсөн чиглэлийн 9 эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвийг нэгдсэн дуудлагын системд холбохоор болж байна. Цаашид улсын хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагуудыг холбоно. Технологийн ухаалаг шийдэл ашиглан цаг авахтай холбоотой иргэдээс ирдэг санал гомдлыг бүрэн шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байна” гэлээ.

“Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийн тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаараа авах юм. Тус төвийг ашиглалтад оруулах техникийн шийдлүүд нь бүрэн хангагдсан, харин эмнэлгүүдийн цаг олголт болон ачааллыг тэнцвэржүүлэн зохион байгуулах талаар журам боловсруулах ажил үлдээд байгааг холбогдох албаныхан Эрүүл мэндийн сайдад тайлагналаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл