ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн улсуудын Эрүүл мэндийн сайд нарын цахим хурал зохион байгуулагдлаа

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн улсуудын Эрүүл мэндийн сайд нарын цахим хурал зохион байгуулагдлаа


ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн улсуудын Эрүүл мэндийн сайд нарын цахим хурал өнөөдөр буюу 4 дүгээр сарын 8-ны өдөр боллоо. Энэхүү хурал нь Номхон Далайн Баруун Бүсийн улсуудад коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцох зорилготой бөгөөд цахим хуралд НДББ-ийн 30 гаруй улсын Эрүүл мэндийн сайд нар, удирдах албан тушаалтнууд оролцов.
Цахим хурлыг ДЭМБ-ын НДББ-ийн захирал Др.Такеши Касай удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсус, Коронавируст халдварын эсрэг Бэлэн байдал, Хариу арга хэмжээг хариуцсан ДЭМБ-ын Ерөнхий захирлын тусгай элч, Бүсийн хүндэт захирал Др. Шин Ён-су, Бүгд Найрамдах Фижи Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд нарын зүгээс коронавируст халдварын талаар өндөр түвшний илгээлт хүргэв.

Цахим хурлын үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын чиглэлээр авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд, түүнийг даван туулж буй туршлагаа танилцууллаа.

Мөн ДЭМБ-ын Номхон далайн Баруун Бүсийн төвөөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээллийг бүсийн улсуудад танилцууллаа.
Япон улсын Засгийн газраас коронавируст халдвараас сэргийлэхэд нэгдүгээрт, агааржуулалт муутай битүү орон зай, хоёрдугаарт, олон хүн хэт бөөгнөрсөн газар, гуравдугаарт, ойрын зайнаас харилцах зэрэг “3C” нөхцлөөс зайлсхийх шаардлагатай талаар танилцуулав. Мөн Япон улс ДЭМБ-аар дамжуулан бусад улсуудад тусламж, дэмжлэг үзүүлэх талаар танилцуулав.

ДЭМБ-ын Номхон далайн Баруун Бүсийн захирал Др. Касай бүсийн улсуудын Эрүүл мэндийн сайд нар, удирдах албан тушаалтнуудад хандан коронавируст халдварын цартахлын эсрэг бүхий л хариу арга хэмжээг хичээнгүйлэн авч ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид хамтын хүчээр энэхүү халдварын цартахлын хүнд үеийг даван туулна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлснээр цахим хурал өндөрлөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл