Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа  


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын эрүүл мэндийн  салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтнүүд эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээр тус улсад сургалтад хамрагдсан байна.  2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэг болон бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр тус тус 25 нийт 80 эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдаад иржээ.
 Энэ жилийн сургалтууд монгол хэл дээр зохион байгуулагдаж байгаа онцлог давуу талтай бөгөөд энэ нь сургалтын үр өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Ирэх 2020 онд сувилахуй-хөнгөвчлөх, яаралтай тусламж болон эмгэг судлалын чиглэлээр сургалтыг зохион байгуулах саналыг хүргүүлсэн байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 0-1 насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны нийт 100 орчим хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулсан.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж буй ажлын нэг нь “Цахим эрүүл мэнд” төсөл юм. Төслийн хүрээнд нийт 112 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон “e-health” програм хангамжаар хангаж, улмаар эдгээр эмнэлгүүдийн програм хангамжийг холбож, Мэдээллийн үндэсний төвд нэгтгэн зангидах зорилготой.Одоогоор улсын болон тусгай 12 эмнэлэг, 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн эмнэлэг болон 6 сумын эмнэлгүүд болох нийт 48 эмнэлгүүд дээр тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт хийгдэх ба үлдсэн 64 байгууллагуудад зөвхөн тоног төхөөрөмжийн хүргэлт хийгдсэн байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл