Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал боллоо

Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны ээлжит хурал боллоо


Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо нь дархлаажуулалтын талаар эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (ЭМЯ), Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллага /ХӨСҮТ/, эрүүл мэндийн байгууллагуудын бодлого, үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгөх, олон талын санаа бодлыг тусгасан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус, бие даасан бүтэц юм.
Академич П.Нямдаваагаар ахлуулсан Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хорооны энэ удаагийн хурлаар дараах  3 асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Үүнд:
Нэг. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т дархлаажуулалтын үйл ажиллагааг өргөжүүлэх, нэн шаардлагатай вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, заавал хийх дархлаажуулалтын товлолд шинэ вакциныг нэвтрүүлэх зэрэг заалтууд тусгагдсан билээ.
Иймээс, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол”-д хепатитын А вирүст халдварын эсрэг вакцин, пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин, халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн тарьдаг вакциныг хийлгэх нас, цаг хугацааны товыг нэмэх саналыг хэлэлцэж, “нэмэлт, өөрчлөлт оруулсан Засгийн газрын тогтоолын төсөл”-ийг энэ оны 11 дүгээр сард багтаан Засгийн Газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёр. Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын 2018 оны статистик мэдээгээр  умайн хүзүүний хорт хавдраар 569,847 эмэгтэй өвчилж, 311,365 эмэгтэй эндсэн гэсэн тоо баримт гаргасан бөгөөд ялангуяа азийн орнуудад  өвчлөл, нас баралт өндөр байна. Номхон далайн баруун Бүс нутгийн орнуудад (Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос, Монгол)  дунджаар 100 000 хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 10.9 тохиолдол, нас баралтын стандарт 4.1 тохиолдол байгаа бол Монгол улсад өвчлөл 100 000 хүн амд 23.5 тохиолдол, нас баралт 100 000 хүн амд 10.2 тохиолдол байгаа нь бүсийн улс орнууд дотроо хамгийн өндөр үзүүлэлттэйг харуулж байна.  
 
Иймд, Монгол улсад хүний папилломын вирүсийн эсрэг вакцинаар дархлаажуулснаар гарах зардал үр ашиг, эдийн засгийн үр дүнг судлах судалгаа хийж, гарсан үр дүнг танилцуулан, вакцин нэвтрүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, уг халдвараас сэргийлэхийн тулд нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох хүний папилломын вирүсийн эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гаргалаа.
 

 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл