Дархан-Уул аймагт “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” семинар зохион байгуулав

Дархан-Уул аймагт “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” семинар зохион байгуулав


Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэргүүлэх чиглэл хэмээн хүлээн зөвшөөрч,  72 дугаар чуулганаар жил бүрийн 9-р сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.  “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” уриатай хэрэгжүүлэх “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” семинарын үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт  зохион байгуулав.
        Тус семинар нь эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанарын ажилтнуудыг үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, чанарын  тусламж үйлчилгээний талаарх шинэ мэдээллээр хангах зорилготой юм. Семинарын сургагч багшаар Эрүүл мэндийн газрын статистикийн мэргэжилтэн П.Энхзул, төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Цэцэгнавч, нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Б.Батчулуун нар ажиллаж, Нийгмийн эрүүл  мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн ортой эмнэлгүүд, сувилал, эмийн сан зэрэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 50 гаруй удирдлага, чанарын ажилтнууд оролцлоо.  
  Семинарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагааны чиглэлд заагдсан зорилтууд, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал ба олон улсад баримталж байгаа стандарт, эрсдлийн удирдлага, чанар аюулгүй байдалтай холбоотой шинээр баримтлах  үйл ажиллагааны төслийн агуулга, чиглэлүүд зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдсан.  Илтгэсэн  асуудлуудтай холбоотой асуулт хариултын тэмцээн, дүрт тоглолт, Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааны  “Сайн туршлага” солилцох бүлгийн ажил,  бас нэгэн нэгэндээ урам хайрлах “Зурагт самбарын танилцуулга” зэрэг  оролцооны сонирхолтой аргуудыг ашигласанд оролцогчид өндөр сэтгэгдэлтэй байлаа.  
       Цаашид  “Оточ Манал” хувийн хэвшлийн эмнэлэгт “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” өдөрлөг, “Гэрэлтэй” ӨЭМТ –д “Хүүхдийн тусламж үйлчилгээ” сэдэвт ижил мэргэжилтний үзлэг- үзүүлэх сургууль, аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ашиглалтын тойм үзлэг”, “Сувилахуйн Аудит” сэдэвт үзүүлэх сургууль, “Медстоб” ӨЭМТ –д “Эрсдлийн удирдлага” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл