“Олон Улсын Монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил” сэдэвт форумд оролцлоо

“Олон Улсын Монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил” сэдэвт форумд оролцлоо


“Монгол-Хятадын ЭСКПО” гурав дахь удаагийн арга хэмжээ энэ оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх Хот, Улаанцав, Тунглио хотуудад зохиогдож байгаа бөгөөд Хөх хот, Улаанцав хотод албан ёсоор нээлтээ хийлээ.
Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил” сэдэвт форумд Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй тус яамны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.  Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал Д.Цэрэндагва нар үг хэлж, илтгэл тавьлаа.
 
            Тус экспоны хүрээнд бүх оролцогчид ӨМӨЗО ны Тунляо хотын сэргээн засах төв эмнэлэг болон Хорчин уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэр зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Монгол Улсад уламжлалт эмийг 2013 оноос эхлэн улсын эмийн бүртгэлд бүртгэж эхэлсэн бөгөөд 120 гаруй уламжлалт эмийн түүхий эдийн улсын стандарт, 160 гаруй Монгол эмийн техникийн нөхцөл, технологийн заавар, 60 гаруй эмчилгээний шинэ арга зүй аргачлал боловсруулан эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлсэн.Түүнчлэн уламжлалт эмийн дотоодын 8 үйлдвэр, 50 гаруй шинэ бодис, 60 гаруй шинэ эм, 260 гаруй төрлийн уламжлалт эм, тан, рашааныг Монгол улсын батлагдсан стандарт, технологийн дагуу үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ дотоодын хэрэгцээнд нийлүүлэхийн зэрэгцээ, ОХУ болон БНПУ-д экспортлож байна.

Өнөөгийн байдлаар Монгол улсад уламжлалт анагаахын чиглэлээр төр, хувийн хэвшлийн 233 эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээ явуулж байгаагаас 48 ортой эмнэлэг, 185 амбулатори, 20 гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг, 34 сувилал жилд давхардсан тоогоор 1.5 сая орчим /1.545.152/ хүнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Монголын уламжлалт анагаах ухааны хөгжилд чадварлаг хүний нөөцийн хангамж, тэдгээрийн тогтвортой хөгжил нэн чухал үүрэг гүйцэтгэдэг нь гарцаагүй юм. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бакалаврын зэрэг олгох 9 их дээд сургууль дипломын болон дипломын дараах сургалтуудыг явуулж, жилд 230-260 их эмч төгсгөж байна. Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр 3000 орчим эмч, мэргэжилтнүүд Монголд төдийгүй, АНУ, Австри, Унгар, Чех, Польш, ОХУ, Казакстан улсуудад ажиллаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
 
ДЭМБ-аас гишүүн орнууддаа хандан “Уламжлалт анагаах ухааны талаар баримтлах стратегийн баримт бичиг” гаргаж, уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа нь уламжлалт анагаах ухааны үндэсний соёл, уламжлалыг илэрхийлдэг агуулга өөрчлөгдөж,  орчин үеийн эрүүл мэндийн шинэ тогтолцоо, технологийг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх, тэргүүлэх чиглэл болсныг харуулж байгаа юм.
Бид Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор 2018 онд Эрүүл мэндийн яаманд Уламжлалт анагаах ухааны хэлтсийг байгуулан, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть төрийн бичгийн бүтээх ажлыг эхлүүлээд байна.
Мөн Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн стандарт, Уламжлалт эмийн түүхий эд, эмийн жорын нэгдсэн нэршлийг бий болгох, фармакопейн өгүүллийг боловсруулах ажлыг хийж, батлагдах шатандаа хэрэгжиж байгаа билээ.
Энэ удаагийн форум нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Манай хоёр орны харилцаа улс төр, нийгэм, худалдаа эдийн засгийн салбарт эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд цаашид эрүүл мэндийн салбар, тэр дундаа монголын уламжлалт анагаах ухааны салбарт харилцан итгэлцэл, хамтын ажиллагаанд тулгуурласан харилцааны урт удаан, эрүүл, тогтвортой хөгжлийг хангаж ажиллахад энэхүү форумын ач холбогдол нэн чухал билээ. 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл