“НЯРАЙН СКРИНИНГ ҮНДЭСНИЙ АНХДУГААР КОНГРЕСС” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НЯРАЙН СКРИНИНГ ҮНДЭСНИЙ АНХДУГААР КОНГРЕСС” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.2.9 заалтад шинээр төрсөн нярай бүрийг 4 төрлийн скрининг шинжилгээнд  хамруулахаар заасан билээ. ЭХЭМҮТ нь Олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр  2007 оноос нярайн түнхний скринингийн шинжилгээг эхлүүлж жилд 38107 нярайг сонсгол, түнх, дутуу нярайн нүдний торлогийн эмгэг,  бодисын солилцооны скрининг оношилгоо, эмчилгээнд хамруулсан.

ЭХЭМҮТ-тэй хамтран ажилладаг олон улсын зөвлөх, хүндэт профессорууд нярайн скрининг оношилгоо эмчилгээний дэлхийн чиг хандлагын талаар танилцуулж, төвийн эмч нар нярайг төрсөн даруйд илэрхий шинж тэмдэг илрэхгүй төрөлхийн ба удамшлын өвчнийг энгийн, аюулгүй, хялбар аргаар баталгаатай технологи ашиглан илрүүлэн оношилж эмчлэх,  хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх скрининг шинжилгээг хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцсан. Үүнд:
1. Нярайн түнхний дутуу хөгжил, мултралын хэт авиан скрининг оношилгооны төсөл нь “Монгол-Швейцарийн хамтарсан Хүүхдийн SMOPP төсөл”-ийн хүрээнд 2007 оноос эхлүүлж, 10 гаруй жилийн хугацаанд нийт 308’254 шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулан, 4’647 нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чаджээ.
2. Дутуу нярайн нүдний торлогийн эмгэг скрининг оношилгоо, эмчилгээ нь 2013 оноос “ОРБИС” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж, 5716 нярайг скрининг оношилгоонд хамруулснаас 218 тохиолдлыг илрүүлэн, эмчилсэн.
3. 2012 оны 12 сараас эхлэн Монгол улсад анх удаа ЭХЭМҮТ-д нярайн сонсголын эмгэгийн скрининг оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэн, БНСУ-ын Рафаэль сан, Сөүлийн үндэсний сургууль,   АНУ-ын Сонсгол бууралттай хүүхдийн дэлхийн сан, ХБНГУ-ын Пат Медикал компанитай хамтран ажиллаж байна. Долоон жилийн хугацаанд 57864 нярайг сонсголын скринингэд хамруулснаас 280 хүүхдэд сонсгол бууралт, дүлийрэлтийг оношлон эмчилсэн.
4. 2012 оноос Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхим хамтран эхлүүлсэн бодисын солилцооны скрининг оношилгоогоор 7000 гаруй нярайд 2 төрлийн эмгэгийн скрининг оношилгоо хийж, 7 тохиолдлыг илрүүлж, эмчилсэн.
2014 онд ЭМЯ-аас ЭХЭМҮТ-ийн Анагаахын удам зүйн лабораторид хийн хроматографийн аппарат суурилуулснаар хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн шээсэнд органик ба амин хүчлийн эмгэгийг оношлох чадавхи бүрдсэн ба өнөөгийн байдлаар 300 гаруй хүүхдийг хамруулснаар фенилкетонурийн 2 тохиолдол, төрөлхийн цитриний дутагдал 1 хүүхдэд оношлогдож, эмчилгээ, хяналтыг шийдэж байгаа юм байна.

Өнөөдрийн конгрессод Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС, Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Олон Улсын байгууллага зэрэг нярайд тусламж үйлчилгээ үзүүлдэг аймаг, нийслэлийн харьяа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, эмч, мэргэжилтэн, уг скрининг оношилгоо, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн эцэг, эхийн төлөөлөл нийт 400 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Холбоотой мэдээ, мэдээлэл