ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ


ЭХЭМҮТ нь ЭМС-ын 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 3/1420 тоот Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэрийн 3.1 дүгээр заалт, ЭМС-ын А/207 тоот тушаалд заагдсан үүргийнхээ дагуу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурал зохион байгуулав. “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийн жирэмслэлт, төрөлтийн явцыг хянах, удирдах” сэдэвт цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан явууллаа.
Цахим хуралд “Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, “Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламж үйлчилгээний зөвлөмж” сэдвээр НҮЗП-ийн дотрын их эмч Ж.Сугир нар мэдээлэл хийлээ.
 
Уг цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүд, дотрын эмч нарын төлөөлөл, ТСА, СМТ-ийн эмч нар, Хүрээ амаржих газар, УНТЭ, УГТЭ, СХДЭМТ, ЧДЭМТ, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн бүхий 135 хүн оролцлоо.

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга 2017-2019 оны 1-р улирлын байдлаарх Монгол улс дахь эхийн ноцтой хүндрэл, эндэгдлийн байдлыг танилцуулах явцдаа 2019 оны 1-р улиралд амьсгалын тогтолцооны эмгэг-уушгины хатгалгаагаар 3 эх эндсэнтэй уялдуулан улирал, цаг үеийн холбогдол бүхий  өвчлөлөөс жирэмсэн эхийг урьдчилан сэргийлэх, жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийн жирэмсний явцыг онцгойлон хянахыг анхааруулав.
Мөн ЭХЭМҮТ-өөс улирлын шинжтэй томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ажлын хүрээнд 4 аймагт үүрэг даалгавар, зөвлөмж хүргүүлснийг цохон дурьдаад, зөвлөмжийн дагуу хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаарх тайланг ирүүлэхийг санууллаа.
Эхийн ноцтой хүндрэлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдалд зонхилдог умайн үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэхийн тулд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн эхийн хяналт, үзлэгийг улам  сайжруулах, үүсэж болзошгүй эрсдэл хүндрэлийг эртнээс тооцох, оношилгоог цаг алдалгүй хийж, оновчтой эмчилгээг эхлүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд эмнэлгийн байгууллагуудын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал байгааг дурьдав. УНТЭ-ийн Бөөрний төвийн эрхлэгч  Д.Чулуунцэцэг, Урологи андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр, Өвөрхангай аймгийн ЭМГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Баярсайхан нарын сонирхсон асуултанд Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга хариулт өглөө.
Монгол улсад 2019-2020 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэнд-8/20” зорилтод заагдсан жирэмсний хяналт, эх, нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулцгаая. Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл