Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоод ирлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоод ирлээ.


Дели хотноо зохион байгуулагдаж буй “Махатма Гандигийн нэрэмжит Олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалт” 3 дахь өдрөө сайд нарын салбар хуралдаанаар үргэлжилж, уг хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, Монгол Улсын Засгийн Газраас хүн амын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар үг хэллээ.
Уг салбар хуралдаанд 12 улсын Эрүүл мэндийн сайд нар оролцож, Тогтвортой хөгжлийн зорилт, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улс орнуудад тулгарч буй сорилтууд, гарсан ололт амжилт, хэрэгжүүлж буй шинэ санал санааачлага, сайн туршлагыг танилцуулж, санал дэвшүүлэн харилцан ярилцав. 
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Монгол орны хүйтэн уур амьсгал, өвлийн хахир хатуу нөхцөл, хүн амын тархай бутархай байдал, барилгажилтын төлөвлөлт, технологийн хязгаарлалт зэрэг нь бүх нийтийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн хангамжийг цаг алдалгүй, тогтвортой арга хэлбэрээр сайжруулахад ихээхэн саад бэрхшээл учруулж байгааг онцолж, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хот, хөдөөд ялгаатай байгааг тэмдэглэн хэлэв. Үүний зэрэгцээ шинэчлэн батлагдсан Эрүүл ахуйн тухай хуульд ариун цэврийн байгууламжийн асуудлыг зохицуулсан тодорхой заалтууд тусгагдсаны дагуу нүхэн жорлонгийн стандартыг батлуулснаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж, ашиглах эрх зүйн орчин бүрдсэн болохыг хэллээ.Ийнхүү Махатма Гандигийн нэрэмжит Олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалт 4 өдрийн турш үргэлжилж, 10 дугаар сарын 2-ны өдөр амжилттай өндөрлөв. Чуулга уулзалтыг хааж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар болон бусад өндөр түвшний хүмүүс үг хэлэв.
Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн үгэндээ дэлхий нийтэд бүх нийтийн ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулахад улс төрийн удирдлага, манлайлал, хөрөнгө санхүүжилт, хамтын ажиллагааны түншлэл болон олон нийтийн оролцоо нэн чухал болохыг онцлоод Энэтхэг Улсын хувьд Тогтвортой хөгжлийн ариун цэврийн зорилтуудад 2030 оноос өмнө хүрэх болохоо илэрхийллээ.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл