Дэд сайд Л.Бямбасүрэн Монакогийн Хант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирал Изабель Розабрунетто-тай уулзав

Дэд сайд Л.Бямбасүрэн Монакогийн Хант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирал Изабель Розабрунетто-тай уулзав


Дэд сайд Л.Бямбасүрэн Монакогийн Хант Улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирал Изабель Розабрунетто-г ЭМЯ-нд хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарт тус улстай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарт Монакогийн хөгжлийн тусламжийн санхүүжилтээр хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг дурьдаад, эдгээр төслүүд нь эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, хүн амын дунд хоол тэжээлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, эрүүл зөв зохистой хооллолтыг дэмжих, амьдралын зөв дадал хандлагыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.
Тухайлбал, 2013-2015 онд “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй” төслийг Эрүүл мэндийн яам, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар болон Францын Санте Сюд Төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийг Монакогийн Хант Улсын Олон улсын хамтын ажиллагааны газар болон Францын Санофи группын дэргэдэх Санофи Эспаур сангаас хамтран санхүүжүүлсэн юм.
Мөн 2016-2018 онд “Эрүүл мэнд ба хоол тэжээл” төслийг Санте Сюд ТББ, Жерес ТББ, Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон тус аймгийн Хашаат, Чулуут сумын Эрүүл мэндийн төвүүд хамтран хэрэгжүүлсэн.
Түүнчлэн 2016-2018 онд “Эх баригчийн ур чадварыг  бэхжүүлэх” төслийг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн сувилахуйн сургууль, ЭХЭМҮТ, Архангай аймгийн ЭМГ, Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг болон Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа эх баригчийн мэргэжил ур, чадварын цогц чадамжийг үнэлж, түүн дээр үндэслэн эх баригчдын бодлого эрх зүй, төгсөлтийн өмнөх ба дараах орчинд шинэчлэлтийг хийсэн үр өгөөжтэй төсөл болсон юм. 
  Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дахин онцлон тэмдэглэхийн зэрэгцээ цаашид ЭМЯ-ны зүгээс бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар уулзалт өндөрлөв.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл