"Эрүүл мэндийн даатгалыг - иргэн бүрт" Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

"Эрүүл мэндийн даатгалыг - иргэн бүрт" Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна


Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтнууд  Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ” уриан дор зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ОУ-ын байгууллагууд 2017 онд хүн амын эрүүл мэндийг  дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцож байна. Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллана.

 

Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахаар төлөвлөж байна. 140 оролцогч бүхий уулзалтаар анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, үүнд чанарыг сайжруулах, санхүүжилтийн арга сувгуудыг шийдвэрлэх, мэнэжментийг илүү бие даасан болгох, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, салбар, байгуулага, хувийн хэвшил, ард иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгуулах зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл