Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг Монгол улсад байгуулах ажлыг өндрөөр үнэлэв

Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг Монгол улсад байгуулах ажлыг өндрөөр үнэлэв


Олон улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг(ОУНЭМХН)-ийн хөндлөнгийн үнэлгээний багийнхан монгол улсын нийгмийн эрүүл мэндийн нөхцөл байдал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийхээр 9 дүгээр сарын 11-ний өдөр ирсэн билээ.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг үнэлгээний багийнхныг хүлээн авч уулзсан юм. А.Цогцэцэг сайд хэлэхдээ, манай улсын зүгээс Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг CDC /Center for Disease Control/ байгуулахаар зорьж байгаа цаг үед нийгмийн эрүүл мэндийн үнэлгээг хийн, зөвлөмж өгөхөөр ирсэн багийнханд талархсанаа илэрхийллээ.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхийлөгч асан, АУ-ны доктор Жеффри Коплан ярихдаа, Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтоо тохируулсан Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийг байгуулах хэрэгтэй, гаднаас хуулбарлах хэрэггүй. Та бүхний хувьд хөгжиж буй орны хувьд маш дэвшилттэй ажиллаж байгааг онцолсон юм.

Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн ерөнхий захирал асан, АУ-ны доктор Ванг Юүгийн зүгээс хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэйг зөвлөсөн. Үүний тулд тухайлбал, таваас доош насны хүүхдийн эндэгдлийг бууруулах нь чухал гэдгийг хэлж байлаа.

Тус багийнхан Монголын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, НЭМҮТ-ийн үйл ажиллагаанд таван өдрийн турш шаталсан үнэлгээг хийж, зөвлөмж гаргах юм. Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн нийгэмлэг Азид сүлжээ байгууллагаа байгуулсанаас хойш анх удаа манай улсад ирээд байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл