Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ

Монгол Улсын Ерөнхий сайдын ИЛГЭЭЛТ


Эрүүл монгол иргэний төлөө энхийн манаанд цаг наргүй хөдөлмөрлөж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа!

Эрхэмсэг зочид, ноёд, хатагтай нар аа!

Эрүүл мэндийн ажилтны өдөрт зориулсан “Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаанд оролцож буй Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх аз жаргалыг хүсье.

Монгол улсын хүн амыг аливаа өвчнөөс сэргийлэх, эмчлэх, анагаах ухааны шинэ ололтуудыг нэвтрүүлэх өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвараа бүрэн зориулсан үе үеийн эрүүл мэндийн салбарынхны гавъяат үйлсийг бид мартах учиргүй.

1921 онд жанжин Сүхбаатарын шийдвэрээр “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэйгээр анх үүсвэр нь тавигдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдөр эгнээндээ 40 гаруй мянган эмч, ажилчдыг нэгтгэн, орчин үеийн эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж,  дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжиж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.

Монголын ирээдүй, Монголын баялаг бол Монгол улсад газрын доорх нөөц баялаг бус, харин эрүүл монгол хүн юм. Иймдээ ч Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүр эрүүл байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого боловсруулах, хүн амын аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд эдийн засгийн тооцооллыг бий болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан билээ.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарыг онцгойлон анхаарч, дэмжин ажиллаж байгаа бөгөөд  бид хамтдаа бодлогын томоохон өөрчлөлтүүд хийж, үндэсний олон хөтөлбөрүүдийг баталж, түүн дотроо эрхтэн шилжүүлэн суулгах, бөөрний гемодиализын эмчилгээг төрөөс даадаг болгох, орон нутгийн автомашины парк шинэчлэл хийх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, гадаад оронд эмчлүүлэх урсгалыг багасгах зорилго бүхий хэд хэдэн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна.

Үүнийг нэг тод жишээ нь Монгол Улсын Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах, эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлэх, эмчилгээ, оношилгоог иргэн бүр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр юм. Монгол Улс дэлхийн анагаах ухааны энэхүү ололт амжилтыг хамгийн түрүүнд хүртэж байгаа улс орнуудын нэг бөгөөд элэгний өвчинтэй тэмцэж буй төрийн бодлого, арга хэмжээ, олж буй үр дүнгээрээ дэлхийд загвар орон болж байгааг онцлон тэмдэглэмээр байна.

Цаашид Монголын оюун сэтгэлгээний сор болсон эрүүл мэндийн салбарынхныгаа дэмжиж, “хөдөлмөр”-ийн үнэлгээг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. Түүнчлэн анагаах ухааны ололтыг нутагшуулж, олон мянган хүний алтан амийг аварсан эмч нар, дэлхийн түвшний судалгаа хийж нээлт гаргасан эрдэмтэн судлаачдаа дэмжиж урамшуулах нөхцлийг бүрдүүлэх, орчин цагийн анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд  сүүлийн үеийн техник технологи, арга аргачлалыг чадамгай ашиглан үр дүнг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг цохон дурдмаар байна.

Та бүхэн Монгол Улсын хөгжил, үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болсон хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах талаар хүрсэн амжилтаа улам бататган, эрүүл мэндийн салбарын санхүүгийн бие даасан байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн ажиллана гэдэгт Монгол улсын сайд миний бие итгэлтэй байна.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл