Сайд А.Цогцэцэг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзав

Сайд А.Цогцэцэг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзав


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газрууд, 9 дүүргийн нийт 130 гаруй эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтаар Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эх, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны эхний 6 дугаар сарын байдлаар эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 25 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7-оор буурсныг  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцлоод энэ амжилтад хүрэхэд эх барих, эмэгтэйчүүд, нярай, мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний эмч нарын хүчин зүтгэл их байсан гэдгийг дурьдлаа. Мөн цааш нь хэдий ачаалал ихтэй, нойргүй ажилладаг ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, шуурхай үзүүлэхийг анхааруулаад ихэнх алдаа, дутагдал харьцаа хандлага, ёс зүйтэй холбоотой үүсч байгааг анхаарууллаа.

Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Мөнхцэцэг эхийн эндэгдлийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Үндэсний их баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, чанарыг хангаж ажиллах тухай Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг тус тус танилцууллаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг, ур чадварт ихээхэн анхаарч нийт 20 эмчийг БНХАУ, Тайландын Вант улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан бөгөөд Тайландын Вант улсын Эсэн мэнд амаржихуй ба нярайн асаргаа сэдэвт сургалтад оролцсон эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ж.Оюунцэцэг явсан туршлагаасаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл