“Сонгдо” группын ерөнхий захирал Ли Жон Гюнд “Алтан гадас” одон гардуулав

“Сонгдо” группын ерөнхий захирал Ли Жон Гюнд “Алтан гадас” одон гардуулав


МУ-ын Ерөнхийлөгчийн 2011 оны 5-р сарын 5-ны өдрийн 82-р зарлигаар “Сонгдо” группын ерөнхий захирал, бүдүүн шулуун гэдэсний мэс заслийн эмч Ли Жон Гюний (Lee Jong Kyun) манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагнахаар шийдвэрлэв. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Ли Жон Гюнийг

ЭМЯ дээр хүлээн авч уулзан Монгол улсын төрийн дээд шагнал,  “Алтан гадас” одонг түүнд гардууллаа.

Доктор Ли Жон Гюн 1987 онд БНСУ-ын Сөүл хотод Сонгдо эмнэлгийг нээн ажиллуулснаас хойш тус эмнэлэг нь бүдүүн шулуун гэдэсний мэс заслын чиглэлээр БНСУ-даа төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийт 5 салбартай томоохон төв болон хөгжсөн байна. Тэрээр 2007 онд өөрийн хөрөнгө оруулалтаар Монгол улсад Улаанбаатар Сонгдо эмнэлгийг үүсгэн байгуулж нийт 14 сая гаруй америк долларын хөрөнгөар эмчилгээ оношлогооны нэн орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн байна. Ли Жон Гюн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтний хувьд өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол улсад 90 орчим удаа ирж 140 гаруй өвчтөнд бүдүүн шулуун гэдэсний хүнд хагалгаануудыг хийж эдгэрүүлж өгчээ. Түүнчлэн 2009 оны 5 сараас эхлэн 7 хоног бүрийн хагас сайн өдрүүдэд нийслэлийн өрхийн эмнэлгүүдтэй хамтран нийгмийн эмзэг давхаргын хүмүүст зориулан үнэгүй үзлэг, эмчилгээг санаачлан зохион байгуулж ирсний зэрэгцээ ЭМШУИС-д радиологийн компьютерийн лаборатори байгуулж, жил бүр 10.000 ам. долларыг тус сургуулийн оюутны тэтгэлэгт зориулан хандивлажээ. Доктор Ли Жон Гюний Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг үнэлж 2009 онд Монгол улсын ЭМЯ-аас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан болно.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл