Эрүүл мэндийн сайд аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нартай шуурхай уулзалт хийв.

Эрүүл мэндийн сайд аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нартай шуурхай уулзалт хийв.


Улаанбаатарт болж байгаа Үндэсний зөвлөгөөнд оролцохоор орон нутгаас цуглараад байгаа аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нартай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өөрийн болон дарга нарын ажлын шахуу хөтөлбөрийг завчлан 2011 оны 5-р сарын 6-ны өглөө эртлэн уулзалт хийв. УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрүүл мэндийн тухай” хууль эцэслэн батлагдсаны дараахи өдөр болж байгаа энэхүү шуурхай уулзалт дээр Эрүүл мэндийн сайд ярихдаа,

аймгийн ЭМГ-ын дарга нар “Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” Үндэсний зөвлөгөөнд оролцохоор ирсэн байгаа хэдий ч нийслэлд бүгд нэг дор цугласан таатай нөцхөл боломжийг ашиглан жилийн ажлын явц болон цаг үеийн асуудлаар ийнхүү цаг зав гарган уулзаж ярилцаж байх нь зүйтэй гээд цаашид ч ийм уулзалтуудыг хийх боломжийг алдахгүй байвал зохилтой гэдгийг тэмдэглэв. Уулзалтад ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар оролцож, аймгийн ЭМГ-ын дарга нар тус тусын орон нутгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар хийсэн мэдээллийг сонссоны дараа өөр өөрийн газраас аймаг орон нутагтай холбоотой мэдээлэл хүргэж, үүрэг даалгавар өгөв.

 

2011 оны 5-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрүүл мэндийн тухай” хууль эцэслэн хэлцэгдэж, шинэчлэгдэн батлагдсан нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны бодлого чиглэл, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгч байгааг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа аймгийн ЭМГ-ын дарга нартай хийсэн уулзалт яриандаа онцлоод шинэчлэлт өөрчлөлт орсон зарим заалтуудыг тусгайлан тайлбарлаж, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн тусгах талаар зөвлөмж өглөө. Түүнчлэн төсвийн дутагдал, цахилгаан эрчим хүчний үнийн өсөлт, А вирүст гепатитийн вакцины хүрэлцээ хангалт зэрэг цаг үеийн тулгамдсан зарим асуудлаар ямар ажил хийгдэх талаар Эрүүл мэндийн сайд яриад нэн даруй архидан согтуурах явдалтай тэмцэх аяныг Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран бүх 21 аймагт зэрэг өрнүүлэх санаачлага гаргаж, аяныг өөр өөрийн орон нутагт идэвхитэй дэмжин зохион явуулахыг ЭМГ-ын дарга нарт уриалав.

Уулзалтын бас нэг гол сэдэв нь эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн бэлтгэл ажил байсан юм. Ирэх 6 сарын сүүлээр болох ойн баярыг угтан хийж байгаа бүтээлч ажлуудаа бодитой үр дүнтэй ажил болгохыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дарга нарт сануулаад аймаг орон нутаг бүрт сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт томоохон барилгууд, машин тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтууд хийгдэж байгааг олон нийтэд сурталчлах зурагт номыг ойтой холбогдуулан гаргах нь чухал ач холбогдолтой ажил болно гэв.

Эцэст нь аймгуудын Засаг даргын болон Эрүүл мэндийн сайдын гарын үсэг зурагдан баталгаажсан, аймаг бүрийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн онцлогт тохирсон 2010-2015 онд баримтлах Дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө баримтлан чармайн ажиллаж, амжилт гаргахыг сайд хүсэн ерөөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл